МАН бүлэг хуралдаж, Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудал, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх эсэхийг хэлэлцлээ.

УИХ 14 хоногийн өмнө Захиргааны ерөнхий хуулийг шинэчилж, Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хуулийн цэц хянадаг байх өөрчлөлт оруулсан юм. Харин энэ хуулийн өөрчлөлтөд ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан ба МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Мөн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрх дууссан учир оронд нь ЗГХЭГ-ийн тэргүүнд дэд дарга Г.Баясгаланг томилох УИХ-ын даргын саналыг бүлэг дэмжлээ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн явцтай танилцсан байна. УИХ-аас 2017 онд Сонгуулийн гурван хуульд өөрчлөх оруулах ажлын хэсгийг 12 гишүүнтэй байгуулсан юм.

Сонгуулийн тухай хуульд 2015 онд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг тус хуулиар явуулсан юм. Харин энэ удаад сонгуулийг тус бүрдээ өөр өөр хуулиар явуулах өөрчлөлт хийжээ.

Ингэхдээ орон нутгийн сонгуулийг хуучин хуулиар нь явуулах бол УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэнэ. Тодруулбал, одоо байгаа жижиг 76 гэсэн тогтолцоог халж улсын хэмжээнд нэг тойрог гэсэн хувилбараар явуулах шийдвэрт хүрсэн байна.

Энэ нь УИХ-ын гишүүдийг олон тойргоос сонгох бус 76 гишүүн нэг тойргийн зарчмаар сонгогддог болох юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуульд дунджаар 500-700 хүн нэр дэвшдэг бөгөөд харин эдгээрээс нэг хүн нэг л хүнд санал өгөх замаар хамгийн олон санал авсан 76 хүн сонгогддог болох гэнэ.

Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор ТББ, намууд, иргэдтэй хамтран хэд хэдэн хэлэлцүүлэг зохион 230 гаруй санал авч 130 гаруйг хүлээн авах боломжтой гэж үзсэн ба одоо Засгийн газраас санал авах үлдсэн байна.

Түүнчлэн Сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх заалттай тул энэ хаврын чуулганаар өргөн барьж, намрын чуулганы эхэнд зайлшгүй батлах ёстой гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ. Цаашид сонгууль болохоос нэг жилийн өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг Үндсэн хуульд тусгахаар болсон байна.