Бид уучлахгүй хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас шалгадаг байх заалтыг Авилгын эсрэг хуульд оруулах саналыг дэвшүүлээ. Учир нь АТГ-аас УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж, хадгалдаг ч цааш нь шалгах эрхгүй юм.

Бид уучлахгүй хөдөлгөөнөөс есдүгээр сарын 24-нд хөрөнгө орлогын мэдүүлэг нь их хэмжээгээр өссөн гишүүдийг шалгах шаардлагыг хүргүүлжээ. Энэ дагуу Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж уг асуудлыг дараагийн хурлаар эцэслэн шийдвэрлэхээр болсон юм.

Түүнчлэн тус хөдөлгөөнөөс есдүгээр сарын дөрвөнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад авилгын эсрэг хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн юм.

Саналын дагуу УИХ-ын даргын 177-р захирамжаар авилгын эсрэг, түүнтэй холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан байна. Гэвч ажлын хэсгийн ахлагч нь хөрөнгө орлого нь их хэмжээгээр өссөн гэх Х.Нямбаатар гишүүн бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх магадлалтай гэж тус хөдөлгөөнөөс үзжээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хөрөнгө орлого 2015 онд 29 сая байсан бол 2019 онд 442 сая болж 15 дахин өссөн байна.