УИХ-ын гишүүн Д.Муратын урьдчилсан шатны шүүхийн хэлэлцүүлэг 14:00 цагт БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүний шүүх хурал Лхагва гарагийн 10:00 цагт товлогдсон ч өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг харгалзан үзэж хойшлуулсан юм.

Нийслэлийн прокурорын газраас Д.Муратад холбогдох хэргийг хянаж дуусаад энэ сарын зургааны өдөр шүүхэд шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна.

Хуульд зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.

Шүүх хуралд Д.Мурат өөрийн биеэр оролцох эсэх нь тодорхойгүй байгаа бол хохирогч Б.Бахытгул оролцоно гэх албан бус мэдээлэл байна.