УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Эрдэнэтийн 49 хувийг Оросын талаас худалдан авсан асуудлаар АТГ шалгаж байна. Учир нь тэрээр 49 хувийг худалдаж авах үед буюу 2014-2016 онд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор АТГ-аас яллагдагчаар татсан нь үнэн гэдгийг Д.Эрдэнэбат хэллээ.

Тэрээр “АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгснөөс гадна энэ сарын 21-ний үдээс хойш яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурсан. Оросын өмчлөлд байсан 49 хувийг Монголд оруулж ирсэн шийдвэрийг би зөв гэж хэлнэ. Энэ асуудалтай холбоотойгоор намайг АТГ-аас шалгаж байгаа ч асуудлыг улстөржүүлж байгаа нь ойлгомжтой болж эхэллээ” гэсэн юм.

Мөн Эрдэнэтийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй байтал онц ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэл гаргаж байгаа нь буруу гэлээ.

Ийнхүү түүнийг яллагдагчаар татсантай холбоотойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үү гэх асуулт гарч байгаа юм. Хуульд зааснаар Прокурор шаардлагатай гэж үзвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргаснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ одоогоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Сануулбал, Монголын зэс корпораци Эрдэнэтийн 49 хувийг Оросын талаас 900.2 тэрбум төгрөгөөр 2016 онд худалдан авсан байдаг. Ингэхдээ Монгол улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн, луйвраар улсын үйлдвэрийг хувийнх болгосон гэж УИХ болон Засгийн газар үзсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдээлснээр 49 хувийг худалдан авсан 400.270.000 долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банкнаас гарсан байна.