БЗД, СБД, ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елуза нарт холбогдох шүүх хурал болж хэргийг хэрэгсэхгүй болголоо. Мөн хохирогч Б.Бахытгүлийн нэхэмжилсэн зургаан сая 539 мянга 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Харин хохирогч Б.Бахытгүл дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

М.Елуза нь УИХ-ын гишүүн Д.Муратын жолооч бөгөөд тэдэнд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх заалтаар хэрэг үүсгэсэн юм. Прокурор долдугаар сарын зургаанд Д.Мурат, М.Елуза нарт эрүү үүсгэн шүүхэд шилжүүлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Б.Бахытгүл гэх эмэгтэй УИХ-ын гишүүн Д.Мурат өөр рүү ёс бус зургаа явуулж, бэлгийн дарамт үзүүлсэн, зодож гэмтээсэн хэмээн мэдээлсэн юм. Гэвч Б.Бахытгүл зөвхөн биед нь гар хүрч, гэмтэл учруулсан гэх хэргээр цагдаад гомдол гаргасан байдаг.