Дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүнд хариуцлага тооцохын тулд заавал дөрвөн жилийг хүлээх бус өөрсдийн санал, санаачилгаар эгүүлэн татах эрх зүйн боломжийг олгох шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. Тодруулбал, дараах тохиолдолд долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнд:

  • Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • Гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан;
  • Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэх дүгнэлт гаргасан;
  • Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
  • Гишүүнийг эгүүлэн татах саналыг тодорхой тооны сонгогч иргэд гаргасан.

Ингээд гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганаар сонсож, ил санал хураалт явуулан гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд тогтоол батлагдсанд тооцох юм. 

Харин гишүүнийг эгүүлэн татах асуудлаар тодорхой тооны сонгогчид санал гаргасан бол байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулснаар тогтоол батлагдсанд тооцох гэнэ. Учир нь нэгэнт сонгогч иргэдийн олонх сонгосон төлөөлөгчөө эгүүлэн татахыг хүссэн бол чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. 

Гэхдээ санал гаргасан сонгогчдын гарын үсэг үнэн зөв, тухайн сонгогч нь тойргийнхоо засаг захиргааны нэгжид амьдардаг нь сонгуулийн төв байгууллагын лавлагаагаар нотлогдох шаардлагатай юм. Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасны дагуу дээрх хуулийн төсөлтэй хамт УИХ-ын тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулжээ.