Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж чуулганы танхимын гадна суулт зарлалаа.

Тэд “УИХ-дарга М.Энхболд огцор, М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэх лоозонг барьсан бөгөөд түүнийг өөрийн хүсэлтээр огцортол эсэргүүцлээ илэрхийлнэ гэлээ.

“УИХ-д гурван сая иргэдийг төлөөлж 76 хүн суудаг. Гэвч УИХ-ын дарга сонгогчдын дуу хоолойг боомилж байна. Нээлттэй сонсгол, чуулганы хуралдаан зэргийг М.Энхболд өөртөө таалагдвал зөвшөөрч, таалагдахгүй бол зогсоох маягаар УИХ-г удирдаж болохгүй. Өнгөрсөн долоо хоногт МАНАН-ийн бүлэглэл Засгийн газар руу дайралт хийсэн. Бид үүнийг арайхийн тогтоосон” гэж Ж.Батзандан ярилаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж дарааллын дагуу асуудлаа хэлэлцэж байгаа ба үүнийг бойкот зарласан гишүүд ирээгүй гишүүдийн картыг уншуулж хуурамч ирц бүрдүүлсэн гэж үзэж байна.

Сануулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэрэг, 26 гишүүний гарын үсэгтэй ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг биелүүлээгүй гэх шалтгаанаар огцрохыг шаардаж, 40 гаруй гишүүн бойкот зарласан юм.