Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр шуурхай хуралдаж, УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэх зөвлөмж гаргасан юм. Ийнхүү чуулганы хуралдаан шөнийн 02:12 цаг өнгөрөөгөөд 77.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 97.4 хувийн саналаар дэмжсэн юм. Ингэснээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд “гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг сайн дураараа чөлөөлөгдөх шаардлага тавьсан бол огцрох ёстой” гэх утга бүхий заалт орсон юм.

Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал УИХ-ын дарга М.Энхболд хуулийн хүрээнд өөрийн хүсэлтээр огцрох нөхцөл бүрдэнэ.

Учир нь 40 гишүүн УИХ-ын даргыг огцрохыг шаардан бойкот зарласнаас гадна иргэдтэй нэгдэн Чингисийн талбайд хоёр ч удаа жагсаал хийгээд байна.