Тодруулбал, Н.Энхбаяр Эрдэнэтийн 49 хувийн луйврын схем гэх нэвтрүүлэгт оролцох үеэр Худалдаа хөгжлийн банкны хувьчлалтай холбоотой асуудлаар “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ярьжээ.

Харин үүнийг М.Энхболд ор үндэслэлгүй мэдээлэл гээд “Миний бие Н.Энхбаяр даргатай ийм зүйл ярилцаж байсан удаагүй, мөн Худалдаа хөгжлийн банканд ямар ч хувьцаа эзэмшдэггүй, хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй” гэдгээ мэдэгджээ.

Мөн тэрээр Н.Энхбаяр дарга намайг удаа дараа гүтгэсэн мэдээлэл хийж, олонд буруу ташаа мэдээлэл өгөх нь түүний үүрэгт ажил мэт болсон гэжээ.

Тухайлбал, 2017.05.16-нд 25 дугаар суваг телевизийн Ам нээвэл нэвтрүүлэгт оролцохдоо М-Си-Эс компаниас 200 сая төгрөгийн хандив авч, Централ тауэрын газрыг зарсан мэтээр ярьсан удаатай. Гэвч үүнийг АТГ, хууль, шүүхийн байгууллагуудын шалгалтын явцад гүтгэлэг болох нь тогтоогдсон хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.

Иймд энэ мэтээр хүний нэр хүндэд халдаж, ор үндэсгүй зүйлээр гүтгэж хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай хандаж, залруулахыг Н.Энхбаяраас хүсжээ.

Сануулахад, М.Энхболдыг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргаас огцруулсан юм.