Тэд УИХ тар, Засгийн газар огцор гэдэг шаардлага тавьж байгаа бөгөөд энэхүү шаардлагуудаа Засгийн газар болон УИХ-д хүргүүлж байгаа юм.

АН-ын зүгээс МАН ард түмний эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэж үзэн, гишүүд сайд нар нь ЖДҮ, авилга, концесст холбогдсон, жигшүүрт гэмт хэрэг үйлдэж, хүний аминд хүрсэн учир Засгийн эрхэнд байх ёсгүй гэдгээ илэрхийлж байгаа юм.

Түүнчлэн иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Амлалтаа биелүүлээгүй, Сүржин сүх, Үхлээрээ айлгадаг ерөнхий сайд, бардам ам шалдан гуя” гэсэн уриа лоозон барьж огцрохыг шаардаж байлаа.

Мөн энэ удаагийн жагсаалд оюутнууд оролцож байгаа ба тэд “70.200-г буцааж олго, нийтийн тээвэрт зорчих автобусны картыг 22 биш 44 болго, Гадаад их дээд сургуулийн тэтгэлгийг ил тод болго зэрэг шаардлага тавьж уриа лоозон барьсан байна.

АН-ын дарга С.Эрдэнэ энэ сарын 22-нд мэдэгдэл хийхдээ “АН л ганцхан ард түмний эрх ашиг зөрчигдөж байгааг таслан зогсоож, УИХ-д хариуцлага тооцох чадвартай. Тиймээс олон түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж байна” гэж мэдэгдсэн юм.

Энэ удаад тэд зөвхөн жагсаад өнгөрөх бус сарын турш улс төрийн акц, арга хэмжээ авч тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Сануулахад, тус намаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын таванд мөн эрх баригч намын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа ЖДҮ-чдийг эсэргүүцэн Чингисийн талбайд жагссан билээ.