Монгол үндэсний фронт хөдөлгөөнөөс зохион байгуулж буй жагсаал Чингисийн талбайд болж байна. 

Жагсагчид “Монгол төрөө урвагчдаас аваръя, Эрдэнэтийн 49, 51 хувь Монголд ашигтай юу, Оюутолгойн гэрээ Монголд ашигтай байх ёстой, Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооё, УИХ тар, Зөрчлийн хуулийг амьдралд нийцүүлье, Оффшор бүсээс орох мөнгө хаачив” гэх лоозонг барьжээ. 

Тайзны индэр дээрээс удирдах зөвлөлийн гишүүд үг хэлж дуусах бүрт бүрээ үлээж, жагсагчид Уухай хэмээн орилж байлаа. 

Жагсагчид эрх зүйн болон ёс зүйн чадамжгүй УИХ тарж, тарахаасаа өмнө Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг гаргаж, Ардын их хурал, Улсын бага хурлыг байгуулахыг шаардаж байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ард түмний их хуралдааныг зохион байгуулж, хоёр танхимтай төрийн байгуулалтад орно гэж мэдэгдлээ. 

Чингисийн талбайн урд талд байрлуулсан тайзны дээд хэсэгт Чингис хаан, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар, О.Дашбалбар, Б.Чингүүнжав, Т.Хандсүрэн, Т.Намнансүрэн, Х.Магсаржав, Галдан бошигт, То ван Тогтохсүрэн Ю.Цэдэнбал зэрэг төр нийгмийн зүтгэлтний зургийг байрлуулсан байлаа. 

Монгол үндэсний фронтын удирдах зөвлөлд хоёр генерал, нэг хурандаагаас гадна төрийн томоохон албан тушаал хашиж байсан хүмүүс байгаа юм. Тодруулбал, хошууч генерал З.Болдбаатар, Б.Баярмагнай, Ардын их хурлын депутат асан Ж.Гомбожав, Анод банкны захирал асан Н.Даваа, Олон улсын тоймч Ш.Гантулга нарын хүмүүс Монгол үндэсний фронтыг байгуулсан байна.