УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж баталлаа.

МАН-ын удирдах зөвлөлөөс ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн юм.

Намын удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү саналыг чуулганаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар томилогдлоо.

Тэрээр хэлсэн үгэндээ “МАН-д нэг жил үлдэж байна. Өдөр бүр туйлын хариуцлагатай, хурдтай ажиллах шаардлагатай. ЗГХЭГ, УИХ, яамд, орон нутгийн уялдааг хангах үүрэгтэй тул илүү оновчтой болгож, хурдтай ажиллана” гэлээ.

Мөн гишүүд түүнд хандаж олон зүйл дээр шударга ёс ярьж байгаа тул сахилга бат, хууль ёс, шударга ёсыг хангуулж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хангуулж ажиллана гэж найдаж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн намтар:

Төгссөн сургууль, мэргэжил

  • 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч,
  • 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
  • 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч,
  • 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр,
  • 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач,
  • 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

Ажилласан байдал

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга,
  • 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч,
  • 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал,
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
  • 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ЗГХЭГ-ын даргын томилгооны араас БСШУСЯ-ны томилгоог хэлэлцэж МАН-ын удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Ё.Баатарбилгийг гишүүдийн 91.5 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилгийн намтар:

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль,
  • 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль,
  • 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй,
  • 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр,

Ажилласан байдал:

  • 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах,
  • 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх,
  • 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга,
  • 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллажээ.