Засгийн газраас нэмүү өртөг шингээсэн, олон улсын стандарт, зах зээлийн эрэлтэд нийцсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Тэгвэл эмээлтэд гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх Protein үйлдвэр нээлтээ хийлээ.

Нээлтэд ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон бөгөөд тэрээр ХАА, газар тариалангийн салбараа хөгжүүлж, иргэдээ эрүүл хүнсээр хангах, экспортлогч орон болоход энэ үйлдвэр үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.


Уг үйлдвэр нь өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх юм байна.

Protein үйлдвэрийг Хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр байгуулж, Италийн Impianti Carrera компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулсан байна.

Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг байна. Харин энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах боломжтой болох гэнэ.

Мөн тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог учир цаашид гадаадад нийлүүлэхээр төлөвлөжээ.