ЭМЯ-аас тэмбүү өвчнийг устгах Улаан тариа-2 аяныг 2021 он хүртэл хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Аяны хүрээнд жирэмсэн эхийн хяналтыг сайжруулж, төрөлхийн тэмбүүгийн тоог багасгах гэнэ. Мөн хүн амын дунд тархсан тэмбүүгийн халдварыг илрүүлэн эмчлэх юм байна.

Илрүүлэх шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үнэ төлбөргүй хийх юм. Тэмбүү нь халдварт өвчний 35-40 хувийг дангаараа эзэлж байгаа ба жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байгаа юм.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн хэлснээр уул уурхай, алт олборлогчдын бөөгнөрөл үүссэн газар тэмбүүгийн халдвар их байдаг байна. Тиймээс ХӨСҮТ-ийн илрүүлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриаллаа. Шинжилгээнд хамрагдсан иргэдийг нэрээр бус кодоор бүртгэх тул хувийн мэдээлэл алдагдана гэж айх шаардлагагүй гэлээ.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийг цаг алдалгүй жирэмсний хяналтдаа орохыг зөвлөлөө. Учир нь жирэмсэн эмэгтэй жирэмсний хяналтад оройтож ордог, зарим нь орохгүй байсаар төрөх явдал их байгаа нь төрөлхийн тэмбүүгийн нэмэгдэх шалтгаан болж байгаа юм.  

Үүнээс гадна аяны хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна юм. Оросын эрдэмтний 1927 онд манай улсад хийсэн судалгаагаар нийт хүн ам буюу 600 мянга гаруй иргэдийн 50 хувь нь тэмбүүгийн өвчлөлтэй байх магадлалтай гэх дүн гарчээ. Тиймээс 1960 он хүртэл таван удаагийн экспедиц ажилласан ба үүнийг Улаан тарианы үйл ажиллагаа гэж нэрлэж байжээ.

Тэмбүү нь арьс салс, дотор эрхтэн, мэдрэл, яс, үе мөчийг гэмтээдэг ч бүрэн эдгэрдэг өвчин бөгөөд хамгийн гол нь шинжилгээнд хамрагдаж, эмчилгээгээ бүрэн таслахгүй байх ёстой юм.