Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор тус замыг хаалаа. Ингэснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар нэвтрүүлэх ба авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатараас Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаах юм.

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул хот доторх буюу Баруун турууны орчмын иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх гэнэ.

Түр зам нь төмөр замын хойгуур явж, 384-р км-ийн гарам орчим Баруун туруунд хүрэх юм. Харин Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 61-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орно.

Мөн Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгсэл 22-ын товчооны салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэх юм. Иймд дээрх чиглэлд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг албаныхан зөвлөлөө.

Азийн хөгжлийн банкны 60 сая долларын хөнгөлөлттэй зээлээр одоо байгаа хоёр эгнээ авто замыг шинэчлэх бол шинээр барих хоёр эгнээг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр барих юм.

Улаанбаатар-Дарханы замыг энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба тус зам 2017 онд осол аваарын тоогоор гуравт бичигджээ.