Манзуширын хийдийг түүхэн дурсгалт цогцолбор, соёл шашин аялал жуулчлалын төв болгох төслийг танилцууллаа. Уг хийд Аялал жуулчлалын төв болгосноор жилд 1.3 сая хүнд үйлчлэх боломжтой болох гэнэ. 

Манзушир хийдийг аялал жуулчлалын төв болгох төслийн судалгааг 2018 оноос хийсэн ба нийт 270.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна. Төслийн хүрээнд хийгдэх хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь агаарын замын тээвэр буюу Cable car юм. 

Агаарын замын тээвэр Улаанбаатараас Манзушир хийд хүртэл нийт 16.6 километр үргэлжлэх ба 2025 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр Манзушираас Цэцээ гүн хүртэл нэг цаг орчим алхдаг байсан бол 13 минутын дотор Сable car-аар туулах боломжтой байна. 

Төслийг УИХ-ын гишүүн, Манзушри хутагт сангийн тэргүүн М.Энхболд санаачилсан бол зөвлөхөөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц ажиллаж байгаа юм. 

Нийт санхүүжилтийн 37 тэрбум төгрөгийг улсаас гаргах ба үлдсэнийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх гэнэ. Эхний удаад буюу 2020 он гэхэд хийдийг сэргээн засварлаж, барилга байгууламжийн зураг төслийг хийхэд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай байна.

Манзуширын хийдийн суурийг 1733 онд тавьсан ба Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан тус ажлыг удирдаж байжээ. Ингээд 18-р зууны сүүлээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулаас ус татаж, хиймэл нуур үүсгэсэн байна. Өдгөө 200 гаруй жилийн түүхтэй Манзушир хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураах үед 20 барилга байгууламж, 300 ламтай байжээ.