Үндэсний их баяр наадам болон нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-аас дөрвөн том арга хэмжээг зохиохоор бэлджээ. Эхний арга хэмжээ нь энэ сарын 10-нд зохиогдох Дээлтэй Монгол наадам юм. Энэ жилийн хувьд тус наадамд Оросын Буриад болон Өвөрмонголоос төлөөллүүд ирж оролцох гэнэ. 

Харин энэ сарын 11, 12-нд төв талбайд 21:00 цагаас Улаанбаатарын үдэш Эх орноо магтан дуулъя шоу концертыг зохион байгуулна. Уг арга хэмжээнд алдарт хамтлаг дуучид ая дуугаа өргөхөөс гадна Авьяаслаг монголчууд, Яг түүн шиг, VOICE OF MONGOLIA шоуны шилдэг оролцогчид ая дуугаа өргөх юм. 

Түүнчлэн 2020 онд тохиох Сөүл-Улаанбаатарын хамтын ажиллагааны 25 жилийн ойг угтаж 11-нд Улаанбаатарын үдэш шоу цэнгүүний төгсгөлд Пёнчаны өвлийн олимпын нээлтэд үзүүлсэн лазер шоуг нийслэлчүүдэд толилуулахаар болжээ. 

Харин энэ сарын 23-нд УДБЭТ-ын хамт олон  BEST OF CLASSIC поп опера амьд тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөсөн ба эдгээр арга хэмжээний бэлтгэл ажил 90 хувьтай байна.

Дашрамд дурдахад, энэ сарны 13-нд мөн Сөүл- Улаанбаатар хотын хамтын ажиллагааны 25 жилийн ойг угтаж Хүүхдийн 100 буюу Аса циркийн өмнөх талбайд Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөгийг 12:00-23:00 цагт зохион байгуулах юм. 

Уг өдөрлөгөөр хүүхэд залуучуудад зориулсан соёл урлаг, спортын олон арга хэмжээ, тэмцээн уралдаан зохиохоор төлөвлөжээ.