Бороо орох тоолонд нийслэлийн замууд усанд автаж, иргэд “уртын харайлтаар хичээллэдэг өдрүүд” үргэлжилсээр байна. Машин зөрөх тоолонд явган зорчигчид руу борооны ус үсэрч хүмүүс бухимдана. Энэ бол бороо орсны дараах Улаанбаатарын төрх. 

Энэ зун хур бороо ихтэй байсныг ч хэлэх үү, хотын төв, зах гэлтгүй замууд усанд автаж, явган хүн байтугай машин явахад ч хүндрэлтэй байлаа. Гэвч Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дэд дарга Б.Индра “ус зайлуулах хоолой хангалтгүйдээ бус үерийн даланг хааж айл өрхүүд буусан, ус зайлуулах хоолой шороогоор дүүрснээс үүдэлтэй” гэх тайлбарыг өглөө. 

Түүний хэлснээр нийслэлийн замын 85-90 хувь нь ус зайлуулах хоолойтой ба 2016 оноос өмнөх зарим замууд ус зайлуулах хоолой дутмаг байгаа аж. Гэтэл хамгийн том асуудал нь манай улсад ус зайлуулах хоолойн тогтсон стандарт гэж алга байна. Учир нь газрын гадаргын налуу, өндөржилт, хэр их ус тогтдог эсэхээс шалтгаалан ус зайлуулах хоолойг өөр өөрөөр хийдэг гэнэ. 

Гагцхүү үүнээс л болж шинэ хуучин гэлтгүй Улаанбаатарын бүх зам хэсэгхэн борооны дараа усанд автсаар байна. Жишээлбэл, МУИС-ын нэгдүгээр байрны явган хүний гарцан дээрх ус зайлуулах хоолой. Тус хэсгийн явган хүний гарцын урдхан талд ус зайлуулах хоолой байгаа ч гарцан дээр маш их ус тогтдогоос болж иргэд гарцгүй газраар зам гарах, ус туулах, үсэрч харайхаас өөр аргагүйд хүрдэг юм. 

Харин хотын зах хэсгээр гэвэл 2014 онд баригдсан Хайлаастын зам. Тухайн зам ус зайлуулах хоолойтой эсэхийг шалгахаар очсон боловч Давхарын буудлаас 72-р сургууль хүрэх замд ус зайлуулах шугам хоолой харагдаагүй юм. 

Б.Индрагаас энэ талаар тодруулахад, “Ус зайлуулах хоолой байгаа. Үүнийг мэргэжлийн хүн газар дээр үзээд явбал ойлгоно. Үерийн жалгыг хааж айлууд буучихсан байдаг. Зөвшөөрөлгүй буусан айлыг нүүлгэх гэхээр нялх хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ганцаар амьдардаг хөгшин хүмүүс гараад ирдэг. Үүнээс болж арга хэмжээ авахад хэцүү байдаг” гэсэн юм. 

Хайлаастын замд бороо орох төдийд л асар их ус тогтдог бөгөөд газрын онцлогоосоо шалтгаалж уулнаас устай хамт урсан ирсэн шороо, чулуу зам дээр хуримтлагдана. Үүнээс үүдэн тухайн зам дээр шороо овоорч борооны дараах цэвэрлэгээний үеэр замын хөдөлгөөн удааширч, зохиомол түгжрэл үүсдэг юм. 

Албаныхны хэлснээр тодорхойгүй стандартаар баригдсан, шороогоор дүүрсэн ус зайлуулах хоолой л зам дээр ус тогтоход хүргэдэг байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газар нь авто замын сүлжээг Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэх, авто зам, замын байгууламжийн барилга, засвар, арчлалтын ажлын чанарыг дээшлүүлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангах үүрэгтэй юм. Нэг үгээр хэлбэл тэд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, төсвийн хөрөнгийн тодорхой хэсгийг зарцуулж Нийслэлчүүдийг “гоё” замаар явуулах учиртай. 

Үерийн аман дээрх айлыг нүүлгэхээс халаглах даргын “зөөлөн сэтгэл”, шаардлага хангахгүй ус зайлуулах хоолой, ус зайлуулах хоолойгүй зам зэргээс үүдэн нийслэл хот маань зундаа УСАНБААТАР болж байна.

 

Posted by Oyungerel Jadamba on Monday, August 5, 2019