Өнгөрсөн онд дэлхий даяар 140 мянга гаруй хүн улаанбурханаар нас барсан ба тэдний ихэнх нь тав хүртэлх насны хүүхдүүд байсан гэж ДЭМБ мэдээллээ. Энэ нь 2017 оноос 30 гаруй мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Судлаачдын хэлснээр улаанбурхны тархалтыг зогсоох хамгийн найдвартай арга нь вакцин хийлгэх гэнэ. Улаанбурханы вирус нь амьсгалын замаар дамждаг ба өндөр халуурах, ханиалгах, нус гоожих, нулимс цийлгэнэх, улаан тууралт гарах шинж тэмдэг илэрнэ. 

ДЭМБ 2013 онд зургаан тивийн тавд нь улаанбурханы халдварыг зогсоох Олон улсын вакцинжуулалтын төлөвлөгөөг гаргасан юм. Судалгаагаар вакцинжуулалтын ачаар 2000-2018 онд улаанбурханы нас баралтын тоо 73 хувь буюу 23.2 саяар багассан байна. 

Харин өнгөрсөн онд улаанбурхны тохиолдол 2016 оноос 167 хувиар өсчээ. Эдгээрийн ихэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй сургуулийн насны хүүхдүүд болон залуус байсан юм. 

Улаанбурханы халдвараас сэргийлэхийн тулд хүн амын 95 хувийг хоёр тун вакцинд хамрагдуулах хэрэгтэй гэж ДЭМБ зөвлөсөн. Үүний дагуу 2000-2018 онд эхний тун вакцинд хамрагдсан хүний тоо 14 хувь, хоёр дахь тунгийнх 51 хувиар нэмэгджээ. 

Дэлхий даяар улаанбурханы халдвараас сэргийлэх арга хэмжээ амжилттай хийгдэж байгаа ч зарим оронд халдвар тархалт үргэлжилж байна. Тухайлбал, Венесуэл, Конго, Филиппин, Самоа зэрэг улсад дайн, улс төрийн үймээн, дэлхийн дулаарал, ванцинжуулалтын эсрэг хөдөлгөөн зэргээс болж халдварын эсрэг арга хэмжээ авах боломж тааруу байгаа юм.

Самоа улсын засгийн газар энэ долоо хоногт хоёр өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоосон ба улмаар иргэдийг вакцинжуулалтад хамруулах боломжтой болжээ. Тус улсад улаанбурханы халдварын үүдэн өнгөрсөн сарын дунд үеэс хойш сургуулиуд хаалгаа барьж хүүхдүүдийг олон нийтийн газраар явахыг хориглосон байна. 

Самоагийн засгийн газрын мэдээлснээр сүүлийн саруудад улаанбурханы вакцинжуулалт хийгдээгүйгээс болж 4200 гаруй хүн өвчилсөний 62 нь амиа алджээ. 

Эх сурвалж: CNN