ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат нар Архангай, Өвөрхангай, Төв аймагт ажиллалаа.

Энэ онд нийт 512.0 мянган га-д тариалалт хийсэн ба урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах тооцоо гараад байна.

Манай улс жилийн хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарсан байна. 

Зуны эхэн сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай, дунд сар бүхэлдээ хуурай халуун байсан нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурах нөхцөлийг бүрдүүлжээ.

Одоогийн байдлаар Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс  болон Сэлэнгэ аймгийн зарим сумдад ургац хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад ургац бага зэрэг буурах төлөвтэй байна.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэсант суманд 10470 га-д үр тариа тарьсан боловч тарианы болц 10-аад хоногоор хожимдож байгаа гэнэ. Гэвч цаг агаарын урьдчилсан төлөвөөр есдүгээр сарын эхээр цас орох магадлалтай  байгаа юм. Тиймээс ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад анхаарч ажиллахыг сайд Ч.Улаан холбогдох албаныханд даалгалаа. 

Өнгөрсөн жилийн хувьд 409.6 мянган тонн үр тариа, 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал хураасан юм. Ингэснээр улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангасан байна.