Засгийн газрын хуралдаанаар дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын 1-3 ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45,500 төгрөг, 4-р ангиллынх бол 41 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авснаар улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн юм.

Ийнхүү стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна.

Сануулбал, Засгийн газар тавдугаар сард долоон аймгийн 60 сумын 113 багийг тариалангийн бүс нутгаар тогтоосон юм. Ингэснээр хөрсний эвдрэл, цөлжилт, атаршихаас сэргийлж, тариаланчдад тустай гэж үзжээ.