ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааны томилсон ажлын хэсэг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллалаа.

Энэ жилийн үр тариа хэдийгээр хорчгор байгаа ч цавуулаг нь 25-30 хувьд хүрч, чанар сайтай байгаа юм. Улсын хэмжээнд энэ сарын 11-ны байдлаар 233.5 мянган тонн үр тариа, үүнээс 227.4 мянган тонн улаанбуудай, 167.3 мянган тонн төмс, 70.2 мянган тонн хүнсний ногоо хураагаад байна.

Энэ нь үр тарианы хураалт 51.9 хувь, хүнсний ногооны хураалт 80.4 хувь, төмсний хураалт 90.8 хувьтай тэнцэж байгаа юм. 

Төв аймаг энэ жил үр тариа 69702 га, төмс 7825 га,  хүнсний ногоо 1164 га, тэжээлийн ургамал 11540 га, тосны ургамал 18382 га-д тариалалт хийжээ. Аймгийн хэмжээнд ургацын болцоос хамаарч ургац хураалт оройтож эхэлсэн ч энэ сарын 14-ны байдлаар үр тариа 37 хувь, төмс 95 хувь, хүнсний ногоо 87 хувь, тэжээлийн ургамал 66.3 хувь, тосны ургамал 30 хувьтай байна.

Харин Дархан-Уул аймгийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 112 ААН, иргэн, төмс хүнсний ногооны 32 ААН, 3200 иргэн 34.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байгаа юм.

Ургацын урьдчилсан балансаар нийт 21019.5 га талбайд тариалалт хийснээс 1413 га талбай ургац алдаж 19.6 мянган га талбайгаас 32.5  мянган тонн ургац хураах тооцоо гарчээ. Одоогоор аймгийн хэмжээнд 22024.5 тонн ургац хурааж 56 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Мөн Сэлэнгэ аймагт улаанбуудай 3507.6 тонн, тэжээлийн ургамал 1402.7 тонн, төмс 26945 тонн, төмс 26945 тонн, хүнсний ногоо 24602.6 тонн ургац хураажээ.

Сануулбал, энэ онд улсын хэмжээнд нийт 512.0 мянган га-д тариалалт хийсэн ба үүнээс 364.8 мянган га-д үр тариа тариалсан байна. Мөн 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан юм.