Зураг: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ

Цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэдтэй Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд “Нарны хүүхдүүд” төслийн хүрээнд 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар боллоо. Тус хороо байгуулагдсан цагаасаа хойш 10 гаруй жил цэцэрлэггүй явсан байна.

Тиймээс шинээр баригдах цэцэрлэгт зөвхөн зорилтот бүлгийн буюу Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж байгаа айл өрхийн хүүхдүүдийг хамруулах онцлогтой юм. Үүгээр ч зогсохгүй хогийн цэг дээр байгаа хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна.

Цэцэрлэгийг “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хөрөнгөжүүлж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин цэцэрлэгийн ажилчдын багийг хорооны ажилгүй иргэдээр бүрдүүлэх хүсэлтийг Нямбаатар санд хорооны Засаг дарга хүргүүлээд байгаа юм.

Зураг: Ekhsurwalj.mn

Цаашид цэцэрлэгийг өргөтгөж 150 хүүхдийн багтаамжтай болгох, сургалтын төв барих зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

“Улаанчулуутын хогийн цэг дээрээс өдөрт 150-200 орчим хүн амьдралаа залгуулж, ажил хөдөлмөр эрхэлдэг ба бүртгэлтэй 390 иргэн байдаг гэж” хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг хэллээ.

Нарны хүүхдүүд төслийн хүрээнд 2016 онд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд хүлээлгэж өгч байсан юм. Энэхүү төсөл нь хогийн цэг дээрээс ажил амьдралаа залгуулдаг хүмүүст ажлын байр бий болгох, тэдний хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах үндсэн зорилготой.

Зураг: Ekhsurwalj.mn