Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэхээр төрийн болон олон улсын байгууллага, иргэд хандивын аянд нэгдэж байгаа юм. Тэгвэл Ротари олон улсын клубийн Хүрээ, Туул клубийн гишүүд хандивын аянд нэгдэж, тусламжийн гараа сунгалаа.

Тэд клубийн гишүүдийнхээ дунд “Ротарийн гишүүд бид тусламжийн гараа сунгацгаая” аяныг өрнүүлсэн байна.

Ийнхүү Туул клуб 2.980.000 төгрөгийн үнэ бүхий 56 ширхэг хөнжил, 21 ширхэг орны бүтээлэг хандивласан бол Хүрээ клубийн хамт олноос 300 ширхэг оймс өгчээ.

Өлгий сумын усархаг аадар борооны улмаас хэд хэдэн үер бууж 530 өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан юм. Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтооход 15.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.