Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг Мягмар гарагийн 06:00 цагт нээхээр боллоо. 

Хөдөлгөөн нээснээр 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирэх юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагын 130 гаруй хүн нэмэлтээр ажиллана. 

Мөн бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд нийслэл руу нэмэлтээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ. Тодруулбал, 

  • Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт,
  • Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт,
  • Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт,
  • Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт,
  • Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.  

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллах ба нийслэл рүү чиглэсэн замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилох юм.