Дэлхий даяар төрөлтийн тоо буурч байгаа гэдгийг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тэд дэлхийн бүх орны 1950-2017 оны хоорондох нийт төрөлтийн дунджыг тодорхойлсон бөгөөд 1950 онд нэг эмэгтэй дунджаар 4.7 хүүхэд төрүүлдэг байсан бол өнгөрсөн онд энэ тоо 2.4 болж буурсан байна.

Гэхдээ энэ нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг гэнэ. Тухайлбал, Африкийн Нигер улсад дундаж төрөлт 7.1 байгаа бол Газар дундын тэнгисийн Сипрус аралд нэг байгаа аж.

Төрөлт ийнхүү багасах болсон нь хүүхдийн эндэгдэл буурах, жирэмслэлтээс сэргийлэх арга сайжрах, эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмших зэргээс шалтгаалж байгаа гэнэ.

Улс орнуудын эдийн засаг сайжрах тусам төрөлт нь багасдаг байна. Төрөлтийн дундаж үзүүлэлт 2.1-ээс буурвал хүн амын тоо багасаж эхэлдэг бөгөөд хүүхдийн нас баралт өндөр байдаг орнуудад энэ нь сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Харин өндөр хөгжилтэй Европын ихэнх орон болон Америк, Өмнөд Солонгос, Австралид төрөлтийн үзүүлэлт доогуур байгаа ч хүн ам нь багасаагүй нь нас баралт бага, цагаачдад нээлттэй байдагтай холбоотой юм.

Эх сурвалж: BBC, US news