Улс тунхаглаж, анхны Үндсэн хуулиа баталсны 94 ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагаас Спортын төв ордонд болно.

Одоогоор улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Н.Батзаяа, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл тэргүүтэй улс аймгийн цолтой 136 бөх бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн жилийн уг барилдаанд 256 бөх зодоглосноос улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэсэн юм.

Сонирхуулахад, улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байсан юм.