Бид тоймлоё, Та унш

2019.09.27 Баасан                                                23°C  2,667.69  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё 


2020 оны төсвийг танилцууллаа 

Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ₮11 их наяд, зарлага ₮13 их наяд байхаар тооцжээ. Мөн 2020 онд ЗГ-аас алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод бонд гаргахгүй ба төсвийг батлах эсэхийг УИХ-аар шийдвэрлэнэ. 

Иргэдэд хүртээх хувь 

Үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50%-р нэмж, багшийн дундаж цалин ₮1.5 сая болно. Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995 оноос хойшхи тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, эхчүүдийн ажилласан жилийг төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлнэ. 

Гэвч утаанд чамгүй их мөнгө... 

Агаарын бохирдлыг бууруулахад ₮137 тэрбум, 2020 оны олимпд ₮20 тэрбум, УИХ-ын сонгуулийн зардалд ₮20 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн байна. Гэвч 2008-2016 онд утааг бууруулахад төр, засгаас ₮164.1 тэрбумыг зарцуулсан ба нүүрс хориглох ЗГ-ын шийдвэрийн дагуу энэ өвөл утаа 50% буурах ёстой. Гэтэл 2020 онд агаарын бохирдолд урьд урьдаас илүү их мөнгө зарцуулах гэнэ.


Хотын даргыг огцруулах ажиллагаа эхэллээ

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын дарга С.Амарсайханыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэллээ. Одоогоор хэчнээн төлөөлөгч гарын үсэг зурсан нь тодорхойгүй ч 15 хүн дэмжсэнээр огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Эх сурвалжийн мэдээлснээр МАН Үндсэн хуулийн өөрчлөлт, ард нийтийн санал асуулгатай холбоотойгоор 2 хуваагдсанаас үүдэн УИХ тарах, Хотын даргыг огцруулах яриа гарсан гэнэ.


Сурагчдын бүтээлийг сансарт хөөргөнө 

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн 12-15 насны сурагчдын дунд Бидний бүтээл сансарт уралдааныг зарлалаа. Шилдэг бүтээлийг хотын бэлгэ тэмдэг Хангарди, гэнэтийн байдлаар сонгогдсон 380 иргэний нэрсийн хамт сансрын бөмбөлгөөр 38 мянган метрийн өндөрт хөөргөнө. Ингэснээр манай улс төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн 2 дахь нийслэл болох юм.


Хятадад хамаатнууд хоорондоо гэрлэжээ

Нэг гэр бүлийн 11 хүн ЗГ-аас 40 м.кв орон сууц үнэгүй авахын тулд хоорондоо 14 хоногт 23 удаа гэрлэжээ. Пан гэгч эр хуучин эхнэр, өөрийн эгч, эгчийнхээ хадам эгчтэй гэрлэлтээ батлуулсан байна. Харин Паны эцэг өөрийн ээж болон хэд хэдэн хамаатантайгаа гэрлэжээ. Тэд хуримлах бүртээ шинэ байр авсан ба одоогоор эдгээр хүмүүсийг луйврын хэргээр баривчилсан байна.


Нүүрс ус ихтэй хүнс элэгний өвчин үүсгэдэг

Талх, үр тариа, чихэртэй тараг, шар айраг, чипс, сүү зэрэг нүүрс ус ихтэй хүнс хэрэглэх нь элэгний өөхлөлт үүсэхэд нөлөөлдөг байна. Учир нь эдгээрийг хэрэглэснээр архи уугаагүй үед цусан дахь спиртийн хэмжээ нэмэгддэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Дэлхийн хүн амын 25% нь архины бус гаралтай элэг өөхлөлттэй байна.

Таны сонорт


Сүү нь уснаас илүү амны цангаа тайлдаг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр