Даншиг наадам-Хүрээ цам 2018 шашин соёлын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй мандлын ногоон дэнжид болж өндөрлөлөө. Даншиг наадмаар шашин соёлын арга хэмжээнээс гадна их насны болон жороо морьдын уралдаан явагдаж, бөх барилддаг уламжлалтай.

Энэ жил улсын цолтой 30 гаруй бөх зодоглосон бөгөөд нийт 256 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн харьяат улсын арслан, Р.Пүрэвдагва дөрөв дэх удаагаа түрүүлж, даншгийн Дархан аварга боллоо.

Харин улсын харцага О.Хангай долоо даван үзүүрлэж, Даншгийн заан цол хүртжээ. Энэ жил шинээр Даншгийн начин цолны болзлыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн тэс сумын харьяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ нар хангасан байна.

Дашрамд дурдахад, Даншиг наадам-Хүрээ цам шашин, соёлын наадмыг зохион байгуулж эхэлснээс хойш Даншгийн 17 цолтон төрөн гарчээ. Анх 2015 оноос Өндөр гэгээн Занабазарын мэлмий нээсний 380 жилийн ой тохиолдуулан Даншиг наадмын уламжлалыг сэргээх, олонд таниулах зорилгоор шашны болон соёлын томоохон наадам болгон зохиож эхэлсэн юм.