Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт зохиогдсон тав дахь удаагийн Алтан бүс барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж энэ жилийн алтан бүсийн эзнээр тодорлоо.

Харин Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн аварга н.Чандмань үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Д.Анар нар шалгарчээ. Энэхүү тэмцээнд Монгол, Өвөрмонгол, Хятад, Орос, Америк зэрэг орны бөхчүүд хүч үздэг бөгөөд Өвөрмонголын үндэсний уламжлалт бөхөөр барилддаг юм.

Зураг: Фэйсбүүк

Энэ удаагийн Алтан бүсэд манайхаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд, Т.Өсөх-Ирээдүй, улсын харцага О.Хангай, Ш.Мөнгөнбаатар нарын 20 гаруй бөхчүүд зодогложээ.

Сонирхуулахад, Алтан бүс барилдааныг 2014 онд анх зохиогдоход улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж байсан бол 2015, 2016 ондуудад улсын арслан П.Бүрэнтөгс, Д.Пүрэвдагва нар алтан бүсийн эзэн болж байсан юм.

Харин өнгөрсөн онд уг тэмцээнд Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошууны аварга н.Цагаанзаан хүртэж, Өвөрмонголын анхны алтан бүс хүртсэн бөхөөр тодорчээ.