Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргалаа. 

Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, шатахуунд зарцуулах юм. 

Мөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн ирэх эрсдэл маш өндөр гэж үнэлэгдсэн байна. 

Үүнээс гадна улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа юм. Эдгээр иргэдийн, 

  • 400 мянга нь ахмад настан, 
  • 350 мянга  нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 
  • 4000 нь хорт хавдартай,  
  • 16 мянган нь бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 
  • 1000 хүн эрхтэн шилжүүлэн суулгуулсан, 
  • 524 хүн дархлаа дарангуйлах эмчилгээтэй, 
  • 281 хүн ХДХВ/ДОХ-ын халдвартай байна.   

Мөн 21 аймагт коронавирусийн  халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар дундын үнэлгээг хийжээ.  Хоёр аймагт коронавирусийн эрсдэл маш өндөр гарсан байна.  Тодруулбал, Дорноговь, Өмнөговьд маш өндөр, 18 аймагт өндөр, Булган аймаг дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.