Өнгөрсөн долоо хоногт ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэл буцаан авах зөвлөмж гаргасан байна.

Уг зөвлөмжийн хүрээнд улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн ч луйврын хэлбэрээр хувьд шилжсэн Асгат, Салхитын мөнгөний орд, Цагаан суварга зэрэг 400 орчим ордын асуудал яригдаж байгаа гэнэ.

Тухайлбал, Цагаан суваргын ордыг улс буцаан авахын тулд МАК компанийн хөрөнгө оруулсан 400 сая долларыг төлөх ёстой гэж Н.Номтойбаяр мэдэгдсэн юм. Харин үүнийг ашигт малтмалын тухай хуулиар улс буцааж төлөхгүй гэлээ.

Учир нь улс газар доорх баялгаа авч байгаа болохоос баялгийн дээр баригдсан үйлдвэр хувийн өмч хэвээр үлдэнэ гэж З.Энхболд хэллээ. Харин тэрхүү үйлдвэрийг ашиглан гаргасан баялгийн хөлсийг өгөх замаар хамтран ажиллах гэнэ.

Мөн ҮАБЗ-өөс энэ онд Сайншандын төмөр замыг, 2020 онд Гашуун Сухайтын төмөр замыг барьж дуусгах үүрэг өгчээ. Ингэхдээ Тавантолгойн Засгийн газарт ногдох ногдол ашгаар Тавантолгойгоос зүүн болон урагшаа чиглэсэн замуудыг дуусгахаар үүрэг болгосон байна. Эрдэнэс Тавантолгой өнгөрсөн онд нэг тэрбум долларын борлуулалт хийж 800 тэрбумын ашигтай ажиллажээ.

Сануулахад, өнгөрсөн 12-р сард Засгийн газраас тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг улсын мэдэлд шилжүүлсэн юм.