Жил бүр уламжлал болон зохиогддог Өвөрмонголын уламжлалт бөхийн Алтан бүсийн барилдаан өнөөдөр Шилийн гол аймагт болно.

Энэ жил тав дахь удаагаа зохиогдож буй тус барилдаанд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд, Т.Өсөх-Ирээдүй, улсын харцага Ш.Мөнгөнбаатар нарын 20 гаруй бөхчүүд зодоглох юм.

Алтан бүс тэмцээний шагналын сан өндөр бөгөөд түрүүлсэн бөхөд шижир алтан бүс олгодог уламжлалтай. Энэ нь Өвөрмонголчуудын уламжлалт бөхийн барилдааны томоохон тэмцээн бөгөөд Монгол, Орос, Хятад, Америк зэрэг орны бөхчүүд хүч үздэг. Бөх судлаач, сонирхогчид Алтан бүсийн барилдааныг Монгол үндэсний бөхөд чухал ач холбогдолтой хэмээн үнэлж, ар Монгол төдийгүй Өвөрмонголчуудын бөх сонирхогчдын анхаарлын төвд байдаг тэмцээн юм.

Олон улсын Монгол бөхийн Алтан бүсийн анхдугаар тэмцээн анх 2014 онд зохиогдсон бөгөөд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж байсан билээ. Улмаар 2015 онд болсон хоёр дахь удаагийн Алтан бүсийн тэмцээнд улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүлж, гурав дахь удаагийн Алтан бүсийн тэмцээнд улсын арслан Д.Пүрэвдагва нар түрүүлж алтан бүсийн эзэн болж байсан юм.

Сануулахад, энэ сарын 23-26-нд болсон Солонгосын үндэсний бөх болох ширым бөхийн олон улсын тэмцээнд улсын харцага О.Хангай түрүүлж, ширым бөхийн дэлхийн аварга цол хүртээд буй.