Манай улсын нийт газар нутгийн 19 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг байна. Цаашид түүх дурсгал, ан амьтан, байгалийн унаган дагшин байдлыг хадгалж үлдэх үүднээс тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх бодлого барьж байгаа юм. 

Харин өнөөдрийн засгийн газрын хурлаар байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтан зэргийг үндэслэн дараах газруудыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжлээ. Үүнд зургаан аймгийн байгалийн цогцолбор газар багтжээ.

Улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн газрууд:

  • Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
  • Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар
  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар
  • Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар
  • Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр
  • Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар
  • Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар
  • Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авахаар боллоо.

Дашрамд дурдахад, манай улс тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх, усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрддэг газрын 50 доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьжээ.