Нийслэлийн Амгалан амаржих газрын эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт “Radiofrequency myoma ablation” гэх эмчилгээг умайн хоргүй хавдрыг эмчлэх зорилгоор Монголд анх удаа хэвлийн дурангийн хяналтан дор амжилттай хийлээ.

Энэхүү эмчилгээ нь өвчтэй хэсэгт өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэж, эдийн үхжил болгон өсөлтийг зогсоодог байна. Уг эмчилгээг умай авахуулах хүсэлгүй, хагалгаанд орох боломжгүй, цаашид жирэмслэх хүсэлтэй, эмнэлзүйд зовиур ихтэй эмэгтэйчүүдэд хавдрын голч нь 2-10 см хэмжээтэй байх үед хийх боломжтой гэнэ.

Тус эмчилгээг хийлгэсний дараа эрхтэн хадгалагдах, нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй, эмнэлгийн ор хоног богино, өвчтөний зовиур бага байдаг гэдгийг эмч нар онцолж байна.

Цаашид уг мэсгүй эмчилгээний аргыг Амгалан амаржих газрын хувьд, эмэгтэйчүүдийн практикт өргөнөөр нэвтрүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Орчин үед дэлхий дахинд умайн хоргүй хавдрын эмчилгээнд мэс заслын бус эмчилгээг хийх болсон байна.

RF ablation гэх эмчилгээг 2012 оноос эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 50 гаруй орон өргөн хэрэглэж юм байна.

Монголдоо анхдагч мэсгүй эмчилгээг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч их эмч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд, унтуулгын их эмч Б.Болортайван нар хийжээ.