УИХ-ын чуулганаар Өмгөөллийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 58.1-65.1 хувийн саналаар баталлаа. Хууль батлагдсанаар өмгөөллийн нууцыг задруулах, өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх, хэрэг, маргааны оролцогч талтай үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр харилцах зэргийг хориглож байна. 

Мөн хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэхийг хориглож байгаа юм. 

Энэхүү хууль батлагдахаас өмнө буюу 2002 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа бие даасан хуульгүй байжээ. Учир нь 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсон юм. 

Өмгөөллийн тухай хууль хүчинтэй байхад өмгөөлөгч эхлээд хуульчийн, дараа нь өмгөөлөгчийн шалгалт өгч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах анхан шатны ажлын талаар хичээл заалгадаг байжээ. Ингээд дадлага хийснээр өмгөөлөгч болдог байсан бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хуульчийн сонгон шалгаруулалтад орсон л бол өмгөөлөгч болох эрхтэй байсан юм.