Непал, Бангладеш, Энэтхэгт үер, хөрсний нуралт болж нийт 100 гаруй хүн амиа алдаж олон мянган хүн орон гэргүй болжээ. Тухайлбал, Непалын дотоод хэргийн яамны мэдээлснээр тус улсад 69 хүн амиа алдаж, 31 хүн сураггүй болсон бол 2500 гаруй хүнийг аварсан байна.

Цагдаагийн газраас мэдэгдсэнээр үерт хоёр сая гаруй хүн өртсөн бөгөөд 16520 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор аврах багийнхан үерт автсан гудамжаар хийлдэг завь урсгах, хүүхэд, хөгшдийг аюулгүй газар руу шилжүүлэх зэргээр аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Харин тус улсын хил дагуух Энэтхэгийн Бихар мужид 2.5 сая хүн үерт автаж 24 хүн амиа алдсан ба амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Мөн Ассам мужид 2.7 сая гаруй хүн үерээс болж хохирол амссан гэж мужийн гамшгийн удирдлагын газраас мэдээлжээ.

Үүнээс гадна Бангладеш улсад 40 мянган хүн үерт автаж Бямба гарагаас хойш 16 хүн аянгад ниргүүлж амиа алдсан байна. Бангладешийн голууд Энэтхэгээс эх авч урсдаг учир үргэлжилж буй борооны улмаас цаашид үерийн түвшин нэмэгдэх хандлагатай байгааг Бангладешийн гамшгаас хамгаалах газар анхаарууллаа. 

Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зургуудаас харахад Непалын уулархаг Катманду хөндий, Терай мужийн нам дор газрын зам, автомашин үерт хамгийн их автсан байна. Мөн зарим оршин суугчид дээврийн өрөөндөө хорогдож зарим нь цээжээр татсан их усыг гаталж байжээ. 

Непалын бүсэд борооны улирал өнгөрсөн Пүрэв гарагт эхэлж 400 мм-ын хэмжээтэй бороо орсноос болж нам дор газрын хотхон, тосгоныг үерийн аюул нөмөрсөн байна. Энэхүү бороо хоёр өдрийн турш 250 мм хэмжээтэйгээр үргэлжлэх төлөвтэй байгааг Непалын цаг уурын газраас мэдээлжээ. 

Тус улсад борооны улирлаас үүдэн жил бүр ус зайлуулах шугамгүй газруудад үер, хөрсний нуралт болдог байна. Тухайлбал, хамгийн сүүлд буюу 2017 онд болсон үерийн улмаас 143 хүн амиа алдаж, 80 мянган байшин барилга сүйдсэн бол 2014 онд 100 гаруй хүн амиа алдаж, 17 мянга гаруй айл өрхийг нүүлгэж шилжүүлжээ.

Мөн Энэтхэгийн хотууд ч жил бүр үерт автдаг бөгөөд энэ сард Махараштра мужид болсон үерийн улмаас байшин, тээврийн зогсоолууд усанд автсан байна.

Эх сурвалж: CNN, India today