Өмнөд Солонгос Филиппин руу хууль бусаар оруулсан 6500 тн хуванцар хаягдлаа буцаан авахаар боллоо. Эхний ээлжинд 1400 тонн хаягдлыг Филиппиний Минданао олон улсын ачааны өртөөнөөс энэ сарын сүүлээр Өмнөд Солонгос рүү илгээх гэнэ.

Өмнөд Солонгосын компани өнгөрсөн оны 7, 10-р саруудад дахин боловсруулах боломжтой хуванцар гээд баттери, соруул, цахилгаан бүтээгдэхүүн, хэрэглэсэн живх, эмчилгээний хаягдал зэргийг Филиппин оруулсан байна. Үүнээс болж олон улсад шүүмжлэлд өртсөн бөгөөд өнгөрсөн сарын 27-28-нд болсон хоёр талын уулзалтын үеэр хаягдлаа буцааж авахаар болжээ.

Өмнөд Солонгосын засгийн газар уг хаягдлыг эргүүлэн татах ажилд 47 мянган доллар төсөвлөсөн бөгөөд хэргийг үйлдсэн компанийг дараа нь шийтгэх гэнэ.

Хятад хуванцар хаягдлын импортод хориг тавьснаас болж дэлхийн дахин боловсруулах боломжгүй хуванцар хаягдалын ихэнх нь Зүүн өмнөд азийн орнууд руу нийлүүлэгдэх болжээ. Учир нь эдгээр орнуудад хуванцар хаягдалын хяналт сул бөгөөд хямдхан байдаг гэнэ.

Эх сурвалж: Koreanherald, ABS-CBN