Өмнөд Солонгосын Эстар жет нислэгийн компани Сөүл-Фукуока чиглэлийн нислэгийн тийзний үнийг 8.38-9.35 доллар хүртэл хямдрууллаа. Энэ нь хоёр орны худалдааны асуудал хурцдахын хирээр хоорондын нислэгийн тоо цөөрсөнтэй холбоотой юм. Уг үнэ нь жилийн өмнөхөөс 60-80 хувиар хямд гэдгийг Японы хэвлэлүүд мэдээлж байна. 

Өнгөрсөн жил аялагчид нислэгийн тийзний үнэ хэт өндөр байгаад гомдол ирүүлж байсан ба ялангуяа есдүгээр сарын дунд үед Солонгосын үндэсний баяр болох Чусок тохиодог учир тийзний үнэ хэт өсдөг юм. 

Японы засгийн газар өнгөрсөн долдугаар сард Өмнөд Солонгосын гурван төрлийн өндөр технологийн материалын экспортод хориг тавьжээ. Ингэснээр зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан худалдаа хийх шаардлагатай болсон байна. 

Үүнээс болж хоёр улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн өөрчлөлт орсон ба долдугаар сард Японд аялсан Өмнөд Солонгосын жуулчдын тоо 7.6 хувиар буурчээ. Мөн Өмнөд Солонгост ирсэн Япон жуулчдын тоо ч 2.7 хувиар буурсан байна. Улмаар өнгөрсөн сард Кореан эйр нислэгийн компани хоёр улсын хоорондох зургаан чиглэлийг хааж байгаагаа мэдэгдсэн юм.  

Мөн хоёр орон өнгөрсөн сард бие биенийгээ худалдааны түншийн жагсаалтаас харилцан хасаж 2016 онд хийсэн батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болгожээ. 

Эх сурвалж: CNN