Өмнөд Солонгосын анхны эрэгтэй дизайнер Ким Бон Нам буюу Андрей Ким нь 1935 онд Гёнги мужийн тосгоны фермерийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1962 онд Салон Андре гэх загварын салонаа нээснээр дизайнерын карьераа эхлүүлсэн байна. 

Андре 1966 онд Парис хотод загварын шоу зохион байгуулсан Өмнөд Солонгосын анхны дизайнер болсон ба дараа нь Нью Йорк, Вашингтон, Барселона, Каир, Сидней, Бээжин хотуудад загварын шоугаа зохиожээ. 

Тэрээр 1981 оны Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ахлах дизайнераар ажилласан ба 1988 оны Сөүлийн олимпт Өмнөд Солонгосын баг тамирчдын хувцсыг зохион бүтээсэн байна. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Юн Сам түүний загварын салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 1997 онд Соёл урлагийн медалиар шагнажээ. Мөн Андре 2003 онд Италийн Соёлын гавьяат зүтгэлтний шагнал хүртсэн ба ЮНЕСКО-ийн элчээр сонгогдсон юм. 

Улмаар тэрээр 2006 оны 11-р сард ЮНЕСКО-ийн дэлхийн өв болох Камбожийн Ангкор Уат сүмд загварын шоугаа зохион байгуулжээ. Загварын Фантаз: Ангкор Уат нэртэй уг шоу нь эртний сүмд зохиогдсон анхны загварын шоу юм. 

Андре Кимийн загварууд хүчирхэг, тод өнгөтэй бөгөөд том сарнай, шувуу, модны үндэс зэрэг Азийн уламжлалт хээнүүдийг ашигладгаараа алдартай. Мөн тэрээр шоуныхаа сонгодог хөгжим, цагаан тайз засал ашигладаг нь загваруудаа дээд зэрэглэлийн харагдуулах зорилготой юм. 

Андрей Кимийн загварын шоуны оргил үе нь цагаан хослол, хуримын даашинз бөгөөд эдгээрийн загварыг Өмнөд Солонгосын алдартнууд өмсөж танилцуулдаг гэдгээрээ онцлог байна. 

Андрей Кимийн загварын шоунд оролцох нь залуу алдартнуудын хувьд олонд танигдах боломж олгодог байна. Андрей Ким үргэлж өөрийн дуртай өнгө болох цагаан хувцас өмсдөгөөрөө алдартай байжээ. 

Нэг удаа Попын хаан Майкл Жэксон түүнийг хувийн дизайнераараа ажиллахыг санал болгосон ч Андрей “түүний хувцас бүх хүнд зориулагдсан” гээд татгалзсан байна. Андрей өөрийн загварын талаар хэлэхдээ, “Загвар бол гоо үзэсгэлэн, оюун ухаан, залуу насны эрч хүчийг харуулах ёстой. Харин хэт сонгодог байвал хуучинсаг санагдана. Би 1935 онд төрсөн хэдий ч үлгэрт гардаг 10, 20 настай хүүгээр өөрийгөө төсөөлдөг” гэжээ. 

Андрей 2010 оны гуравдугаар сард Инчеон хотод зохиогдсон Дэлхийн миссийн тэмцээний шүүгчээр оролцсон юм. Харамсалтай нь тэрээр 2010 оны наймдугаар сард уушгины хатгалгаа, бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас 75 насандаа хорвоог орхижээ. Улмаар түүний хүү Ким Жун До Андре Ким брэндийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон байна. 

Эх сурвалж: Korea