Өмнөд Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчид Сөүл хотноо Японы бүтээгдэхүүний эсрэг бойкот зарлан жагсаал хийлээ. Жагсаалыг Солонгосын дэлгүүрүүдийн холбооны ерөнхийлөгч Ким Сун Мин удирдаж Японоос импортын бүтээгдэхүүн худалдаж авахаас татгалзахыг бусад дэлгүүрийн эздэд уриалжээ. 

Мөн тус улс руу аялахаа больж Өмнөд Солонгосын баг тамирчдыг ирэх жил болох Токиогийн олимпод оролцохгүй байхыг уриалсан байна. Өмнөд Солонгосын худалдаачид Японы засгийн газрыг уучлалт хүсэж эдийн засгийн дарамтаа зогсоох хүртэл бойкотоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Японы засгийн газар энэ сарын эхээр өндөр технологийн материалуудын экспортод хориг тавьж зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр дамжуулан худалдаа хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Уг шийдвэрээс болж Өмнөд Солонгосын хагас дамжуулагч, дэлгэц зэргийн үйлдвэрлэлд хүндрэл үүсэх магадлалтай байна. 

Японы хоригийн шалтгаан тодорхойгүй байгаа ч Өмнөд Солонгосын зэвсгийн экспортод хяналт тавьж чадахгүй, Хойд Солонгост зэвсэг наймаалж байгаа гэж үзжээ. 

Харин Өмнөд Солонгосын тал экспортын хяналтад асуудал гараагүй ба дэлхийн хоёрдугаар дайны үед хөдөлмөрийн лагерт хүчээр ажиллаж байсан Өмнөд Солонгосын иргэдэд нөхөн төлбөр олгохыг шаардсан шүүхийн шийдвэрээс болж хориг тавьсан гэж үзсэн байна. 

Иймээс Өмнөд Солонгосын худалдааны яам энэхүү асуудлын талаар ирэх долоо хоногт Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргана гэдгээ мэдэгджээ. 

Эх сурвалж: Al jazeera, Japan times