Өмнөд Солонгосын парламентын гишүүд авлигын хэрэгт холбогдсон шинэ хуульзүйн сайд Чо Кукийг эсэргүүцэж үсээ хуссан байна. Хамгийн сүүлд сөрөг хүчний удирдагч Кван Кё Ан Даваа гарагт ерөнхийлөгчийн ордны гадна сэтгүүлч, дэмжигчдийн нүдэн дээр бүх үсээ хусаж эсэргүүцэл илэрхийлжээ. 

Мөн өнгөрсөн долоо хоногт хоёр эмэгтэй гишүүн үсээ хуссан байна. Эдгээр гишүүд бүгд одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Иний засгийн газрыг эсэргүүцдэг бөгөөд Чо Кукийг огцрохыг шаардаж байгаа юм. 

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн долоо хоногт хуулийн ухааны профессор Чо Кукийг хуульзүйн сайдаар томилжээ. Гэвч Чо Кукийн гэр бүл их сургуульд хахууль өгсөн, санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгагдаж байгаа юм. 

Тухайлбал, түүний профессор эхнэр нь охиноо их сургуульд оруулахын тулд хуурамч материал үйлдэж тэтгэлэгт хамруулсан байна. Харин Чо Кук болон Мүн Жэ Ин уг хэргийг нотлох баримтгүй гэж үзэж байгаа юм. 

Өмнөд Солонгосын засгийн газар сүүлийн жилүүдэд авлигын хэрэгт холбогдох нь ихэссэн ба ерөнхийлөгч асан Пак Гин Хэ 2017 онд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шоронд оржээ. 

Сөрөг хүчний удирдагч Кван Кё Ан нь Пак Гин Хэг засгийн эрхэнд байх үед ерөнхий сайдаар ажиллаж байсан учир түүний үсээ хуссан нь ерөнхийлөгч Мүн Жэ Инийг муугаар харагдуулах оролдлого гэж зарим ажиглагчид үзэж байна. 

Өмнөд Солонгосын иргэд ихэвчлэн үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлдэг бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн онд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд нууц камер суурьлуулсан явдлыг эсэргүүцсэн эмэгтэйчүүд үсээ хусжээ. 

Эх сурвалж: BBC, Sky news