Өмнөд Солонгосын шүүх порно бичлэг нууцаар хийж нийтэлдэг Соранет сайтын эзэн Сон гэгч эмэгтэйд ёс бус материалыг олон нийтэд тараахад тусалсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноолоо. Мөн 1.25 сая долларын торгууль төлж бэлгийн хүчирхийллээс сэргийлэх тухай 80 цагийн хичээл үзэх ёстой гэнэ.

Сон нөхөр болон өөр хоёр хүний хамт сайтыг ажлуулж байгаад 2015 онд цагдаа нар сайтын үйл ажиллагааг шалгах үед Шинэ Зеланд руу зугтсан байна. Улмаар пасспортых нь хугацаа дууссанаас болж Өмнөд Солонгост эргэн иржээ. Сон хэргээ хүлээхээс татгалзсан бөгөөд нөхөр болон өөр нэг хосыг буруутгасан байна.

Өмнөд Солонгост порно кино бүтээх, түгээхийг хуулиар хориглодог бөгөөд өнгөрсөн зун хууль бус порно киноны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж эмэгтэйчүүд жагсаал хийсэн юм.

Порно сайтуудын нууц камерын бичлэг ихэвчлэн ариун цэврийн өрөө, дэлгүүрийн хувцас солих өрөөнд хийгдсэн байдаг ба зарим тохиолдолд салсан хамтрагчийнхаа бичлэгийг өшөө авах зорилгоор нийтэд дэлгэдэг гэнэ. Ийм төрлийн бичлэгээс болж олон эмэгтэй амиа хорлодог байна.

Эх сурвалж: BBC