Өмнөд Солонгосын цагдаа нар Хвасон хотын цуврал алуурчныг 30 жилийн дараа илрүүлжээ. Цуврал аллагын сэжигтэн нь 50 орчим насны эрэгтэй бөгөөд одоогоор өөр аллага, хүчингийн хэргээр шоронд хоригдож байгаа гэж цагдаагийн газар мэдээлсэн байна. 

Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн аймшигт цуврал алуурчин гэгддэг тэрээр 1986-1991 онд 13-71 насны 10 эмэгтэйг хүчирхийлж хороожээ. Албаныхны мэдээлснээр хоёр хохирогчийн эд зүйлсээс олдсон ДНХ сэжигтнийхтэй тохирсон байна. 

Гэвч хэргийн мөрдлөгийн хугацаа 2006 оны дөрөвдүгээр сард дууссан учир сэжигтэнд ял оноох боломжгүй юм. Цагдаагийн газар маргааш болох хэвлэлийн хурлаар сэжигтний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ. 

Энэхүү хэргээс сэдэвлэн олон кино бүтээсэн ба найруулагч Бонг Жун Хогийн Алуурчны дурсамж кино нь Солонгосын шилдэг бүтээлийн нэг юм. Бонг Жун Хогийн найруулсан Паразит кино нь энэ оны Канны кино наадмын шилдгээр тодорсон билээ. 

Эх сурвалж: Koreaboo, RT