Өмнөд Солонгосын ажилтнууд бие биедээ ажлын байрны дарамт үзүүлсэн тохиолдолд 30 сая хүртэлх воноор торгож гурван жилийн хорих ял оноох хууль батлагдлаа. 

Ингэснээр тухайн ажилтан ажлын байрны дарамтын талаар мэдээлж сэтгэцэд нь нөлөөлсөн тохиолдолд нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой болох юм. 

Ажлын байрны дарамт гэдэгт хэн нэгний талаар цуу яриа тараах, хамт олны цугларалтад хүчээр оролцуулах, удирдах албан тушаалтан хүүхдийнхээ даалгаврыг доод ажилтнаараа хийлгэх, дээд албан туршаалтнууддаа зориулж ёс бус бүжиг хийх, даргынхаа цагаан үсийг зулгааж өгөх зэрэг багтдаг байна. 

Өмнөд Солонгост албан тушаалаа ашиглан ажилтнуудаа дарамтлах нь хэвийн үзэгдэл гэхэд хэлсдэхгүй. Засгийн газраас хийсэн судалгаагаар нийт ажилтнуудын гуравны хоёр нь ажлын байрны дарамтад өртсөн байдаг бол 80 хувь нь үүнийг гэрчилжээ. 

Тус улсын эдийн засгийн ихэнхийг гэр бүлийн бизнес бүрдүүлдэг бөгөөд компаний албан тушаалын шатлал, ажлын байрны өрсөлдөөн, нийгмийн статусын ялгаа зэргээс болж ажлын байрны дарамт бий болдог байна. 

Өмнөд Солонгосын их сургуулийн профессор 2016 онд доод ажилтнаа түр амарсаных нь төлөө бэйсболын цохиураар зодож, хүний ялгадас хүчээр идүүлсэн хэргээр хорих ял авчээ. Мөн өнгөрсөн онд курлингийн спортын эмэгтэй багийн дасгалжуулагчид тамирчиддаа дарамт үзүүлсэн хэргээр ажлаасаа халагдсан байна.

 Эх сурвалж: BBC, CNN, The guardian