Өмнөд Солонгост “Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж өвчин” буюу МЕРС-ын халдвар гурван жилийн дараа дахин илэрчээ. Тус улсын Өвчний удирдлагын төвийн мэдээлснээр өнгөрсөн Баасан гарагт Кувейт улсаас ирсэн 61 настай эрэгтэйгээс халдврын шинж тэмдэг илэрсэн байна.

Тэрээр өнгөрсөн сарын 16-нд бизнесийн шугамаар Кувейтыг зорьсон бөгөөд энэ хугацаанд гэдэс гүйлгэсний улмаас нутгийн эмнэлэгт хандсан байна.

Өвчтөнийг нисэх буудлаас шууд Самсунг эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд одоогоор Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт тусгаарласан гэнэ.

Энэ талаар түүний эмчлэгч эмч Ким Нам Жун, “Өвчтөнд амьсгал давчдах, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илрээгүй учир биеийн байдал нь харьцангүй гайгүй байна. Гэвч нэгээс хоёр долоо хоногийн дараа халдвар даамжирч магадгүй” гэсэн юм.

Мөн өвчтөнтэй ойр байсан 20 зорчигч болон эмнэлэгийн ажилтанд хөл хорио тогтоосон байна.

МЕРС-ын халдвар нь тэмээнээс хүнд халддаг бөгөөд 2015 онд Өмнөд Солонгост уг халдвраар 186 хүн өвчилсний 38 нь нас баржээ.

Эх сурвалж: Reuters, NHK, Korea Herald