Морийг нь түрүүлүүлсэнгүй хэмээн унаач хүүхдийн зодож ташуурдан, гарыг нь хугалсан гэх мэдээлэл сошиал орчин, хэвлэл мэдээллээр тархаад байна. 

Энэ дагуу цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад өчигдөр Төв аймгийн Баянчандмань суманд болсон ургийн баярт зориулсан дааган насны морь уралдуулах үеэр уг хэрэг гарсныг тогтоожээ. 

Тус дааганы уралдаанд 67 дугаартай хүрэн даага унаж уралдсан 10 настай хүүг морины эзэн М гэгч зодсон гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдон шалгалтын ажил явагдаж байгааг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ. 

Олон нийтийн сүлжээнд тархсан мэдээллээр морины эзэн хүүг гэртээ оруулан ташуурдаж гарыг нь хугалсан байна. Мөн ташуураар ороолгуулсны улмаас унаач хүүхэд тархи, нуруундаа хүнд гэмтэл авсан байж болзошгүй байгаа юм.

Иймд цагдаагийн байгууллагаас уг хэргийн гэрчийг олж тодорхойлох, хохирогч хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгох, шүүх эмнэлэгт шинжээч томилох зэргээр олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийн дагуу шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.