Үндэсний номын сангийн удирдлагууд Ерөнхий сайдад хандан тулгарч буй төсөв санхүү, номын сангийн барилга хуучирч муудсанаас өрөө, тасалгаанд ус орох, үнэт ном судрын хадгалах горим алдагдаж буй зэрэг бэрхшээл байгааг уламжилсан байна.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Монголын Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг үүрэг болголоо.

Тус барилгын гүйцэтгэгчээр Акмихолдинг ХХК ажиллаж байгаа ба 2014 онд ажил эхэлсэн ч газрын маргаан, санхүүжилт зэргээс үүдэн хугацаа алдаж өнөөг хүрсэн байна. Мөн холбогдох яам, нийслэлийн удирдлагуудад хандан гарч буй асуудлуудыг шийдвэрлэж, компанийн ажилд дэмжлэг үзүүлэхийг даалгалаа.

Зураг: Засгийн газар

Түүнчлэн Ерөнхий сайд тус номын сангийн түвд номын сан, Монгол судлалын танхим, архив, үнэт, ховор номын музей, уншлагын танхим зэрэгтэй танилцсан байна. Түвд номын санд гэхэд л нэг сая 500 гаруй ховор, хуучин ном, судартай юм.

Сүүлийн хоёр жилд иргэдийн хандиваар 35 мянган судар баринтагласан бөгөөд эдгээрийг цахим хэлбэрт оруулж, судлах ажил ид хийгдэж байгааг Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо танилцууллаа.

Засгийн газраас өв соёлоо өвлүүлэн үлдээх, урлаг соёлын салбарт төрөөс дэмжлэг үзүүлэх үүднээс Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр барьж ашиглалтад оруулахаар болсон юм.

Дашрамд дурдахад, өнөөдөр дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр тохиож байна. ЮНЕСКО-оос 1995 онд жил бүрийн энэ өдрийг номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарласан юм.