Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Энэхүү төв баригдсанаар Монголд анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт, алсын зайн оношилгооны тоног төхөөрөмжтэй, иж бүрэн оношилгоо, эмчилгээний төвтэй болох юм.

Одоогийн байдлаар барилгын ажил дуусаж, 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн бөгөөд ЭМЯ-аас тоног төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж шалгалт хийх, шаардлага хангаж буй эсэхийг хянах, баталгаажуулах комисс ажиллаж байна.

Түүнчлэн дээрх тоног төхөөрөмжүүдийг Самсунг си энд ти консорциумын туслан гүйцэтгэгч Женерал электроникс компанийн 29 гадаад мэргэжилтэн хоёр сарын хугацаанд угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм.

Мөн тус төвд Эмчийн хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөж байгаа ба энэхүү төв ашиглалтад орсноор Резидент эмч, мэргэжилтнүүдийн дадлага хийх, манекан дээр ажиллах, сурах орчинг сайжруулах таатай нөхцөл бололцоо үүсэх гэнэ.

Д.Сарангэрэл сайд Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг барихад тулгамдсан асуудлуудтай танилцан, цаг хугацаанд нь ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон төсөл хэрэгжүүлэх нэгжид үүрэг болголоо.

Энэхүү төвийг Монгол, Солонгос улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Экспорт-Импорт Банкны зээлээр 2012 оноос хэрэгжүүлж байгаа юм.