НИТХ-ын ээлжит хурлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнгийн талаар хэлэлцлээ.

Шалгалтын явцад стандартын шаардлага хангаагүй ажлын байранд хоол, хүнсний үйлдвэрлэл явуулсан, түргэн муудах хүнсийг зориулалтын бус, задгайгаар хадгалсан, худалдаалсан зэргээс гадна ажиллагсад ажлын байранд хувийн ариун цэвэр сахиагүй зөрчил илэрчээ.

Иймд зөрчил илэрсэн ААН, иргэдийн үйл ажиллагааг зогсоож, торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн зориулалтын бус байранд болон ил задгай талбайд шорлог шарах явдлыг зогсоож, хяналт тавихыг Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн ОНҮӨТҮГ-т үүрэг болголоо.

“Цэцэрлэгт хүрээлэн 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Хууль бус худалдаа эрхэлж байгаа иргэдтэй бид байнга тэмцдэг. Одоогоор 26 ТҮЦ гурвалсан гэрээгээр төлбөрөө өгөөд зөвшөөрөлтэй ажилладаг. Гэвч ТҮЦ-үүд нэг нэгэнтэйгээ барьцсанаас үүдэн хоол бэлтгэн, худалдаалах үйл ажиллагаа явуулж байна” гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуул хэллээ.

Мөн тус газарт хийсэн НМХГ-ын шалгалтад тулгуурлан арга хэмжээ авах тухай тогтоол гаргаж, үйлчилгээний чанар, эрүүл ахуйн стандартыг хангаж ажиллан, үр дүнгийн талаарх мэдээллийг энэ сарын сарын 20-ны дотор НИТХ-ын хуралдаанд танилцуулахыг Хотын даргад үүрэг болголоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг 54 ААН, хувь хүн байгаа юм. Эдгээрээс 20 гаруй нь ТҮЦ, үлдсэн нь хүүхдийн машин унуулах үйлчилгээ байна.

Сануулахад, иргэдээс цэцэрлэгт хүрээлэнд гар дээрээс борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэх гомдол ирсний дагуу долдугаар сарын 20-оос шалгалт явуулж эхэлсэн байна.

Зураг: НИТХ